Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ИТХ

Сумын танилцуулга

2017-04-27

            Сумын танилцуулга

Өвөрхангай аймгийн Төгрөг сум нь Үйзэнвангийн хошууны урд хэсэгт Зэгэстий уулын хойд энгэрт “Сайн төгрөг” гэдэг газар 1924 онд байгуулагдсан ба 1939 оны намар “Сайнтөгрөг”-өөс нүүж одоогийн байгаа Хоолт гэдэг газар төвлөрөн суурьшсан бөгөөд 546688.0 га талбай бүхий нутагтай. Нутаг дэвсгэрийн хээ хэмжээгээр аймагтаа 2-рт ордог. Засаг захиргааны анхан шатны 5 нэгжтэй, Төсвийн 5 байгууллага, 9 аж ахуй нэгж, ТББ-ууд үйл ажиллагаа явуулдаг. 793 өрх, 2670 хүн амтай, мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг.

             Төгрөг сум нь 1975 онд ХААЯамнаас зарласан болзолыг ханган “ Түмэн тэмээ” тоолуулж Мөнгөн товхтой мөнгөн буйлаар шагнагдсаны зэрэгцээ төр засгийн бодлого шийдвэрийг оновчтой хэрэгжүүлэн, аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахад бодитой хувь нэмэр оруулж , жилийн үйл ажиллагааны үзүүлэлтээрээ аймагтаа 2005 онд гурав, 2006 онд тавдугаар байруудад орж байсан.

            Тус сумаас Монгол улсын баатар Лувсанцэрэнгийн Аюуш, эрдэмтэн доктор Г.Лувсан, Гавъяат хуульч Б.Раапэл,  Гавъяат нэгдэлчин, Улсын аварга малчин С.Пунцаг, Гавъяат багш Д.Рэнцэн, С.Даваасүрэн, С.Шийрэв-Адъяа, Ж.Балжинням, Д.Мөнхдэмбэрэл, Д.Доёддорж, нарын эрдэмтэд , Монгол улсын начин Т.Самдан /том/, Т.Самдан /бага/, Улсын аварга малчин О.Дондовжанцан, С.Сантүндэв, Г.Оргодол, Т.Батсүрэн, Улсын аврга мэргэжилтэн Ш.Өлзийбат, Улсын аварга тээвэрчин О.Цэгмид, Аварга малчин Ж.Батбаяр зэрэг олон алдартнууд төрөн гарсан.

                 2011 онд Газар тариалангийн услалтын системд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 189 сая төгрөгийн санхүүжилттэй засвар хийгдэж 2 бороожуулагчтай услалтын систем тавигдаж 32 га газарт тариалалт хийх бололцоотой болоод байна.

            Тус суманд одоогийн байдлаар зориулалтын контор бүхий ЗДТГ, 320 хүүхдийн хичээлийн байр, 75, 80 хүүхдийн дотуур байр, стандарт хангасан спортын заал, гадаад талбай, халаалтын зуух бүхий байгууламж, 2 ээлжийн 617 сурагч 50 гаруй багш, ажиллагсадтай ерөнхий боловсролын 11 жилийн дунд сургууль, 90 хүүхдийн цэцэрлэг, 10 ортой эмнэлэг, Соёлын төв, Цаг уурын станц, Цагдаагийн хэсэг зэрэг төсөвт байгууллагууд тус тусын үүрэг чиглэлийн дагуу төрийн үйлчилгээг иргэддээ хүргэж үйлчилж байна.

                  2016 оны жилийн эцэсийн байдлаар 183640 толгой мал тоологдлоо. Үүнээс Тэмээ 3574, Адуу 6780, Үхэр 1959, Хонь 94023, Ямаа 77304 тоологдсон байна.

                                                            Түүхэн замнал

            ТҮҮХЭН ТОВЧООН:  1707 онд Сайн ноён Шамбын хоёрдугаар отгон хөвгүүн Цэрэндашид нэгэн хошууны газар нутаг, хүн ам, мал сүрэг таслан өгсөнөөр Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошууг анх байгуулжээ. 1924 онд явагдсан орон нутгийн захиргааны ардчилсан өөрчлөлтөөр Үйзэн вангийн хошууг Арвайхээрийн хошуу хэмээн нэрлэж тус хошууг 18 сумтай шинэчлэн зохион байгуулсаны дотор Төгрөг сум орсон юм. Төгрөг сум нь 1924 оны 6-р сард одоогийн Гучин ус сумын ихэнх хэсгийн хамарч байгуулагдсан.

            СУМЫН ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ: Төгрөг сум нь Өвөрхангай аймгийн нутгийн зүүн урд хэсэгт Богд, Гучин-Ус, Тарагт, Баянгол сумд болон Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумтай хиллэн 5467 ам км талбай эзлэн оршино. Газар нутгийн хэмжээгээр аймагтаа Богд сумын дараа хоёрт орох бөгөөд улсын хэмжээний нийт 329 сумын дундаж хэмжээнээс их нутагтай. Хойд захын цэг нь Тарагт, Баянгол сумтай хиллэх х.ө 45046I–д, өмнөд захын цэг нь х.ө 44048I-ын солбилцолд орших бөгөөд энэ 2 цэгийн хооронд 120 гаруй км зайтай. Зүүн захаас баруун зах хүртэл 90 гаруй км. Сумын төв Хоолт нь х.ө 45032I,  з.у 103000I-ын солбилцолд далайн төвшнөөс дээш 1400м өндөрт, Аймгийн төвөөс 95 км, Улаанбаатар хотоос 530км-ын  зайд оршино. Газрын гадарга: Сум нийтдээ далайн төвшнөөс дээш 1200-1696м өргөгдсөн намхан толгодорхог тал газар юм. Хамгийн өндөр цэг нь нутгийн зүүн захад орших Ахар уул 1696м, хамгийн нам цэг нь нутгийн урд захаар 1100м өргөгдсөн тал газар юм.

            ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗАР НУТАГ: Төгрөг  суманд түүх соёл дурсгалт газрууд болон түүхийн домогт газрууд олон бий. Лам хуврагууд нямба хийж байсан орж гарах гарц бүхий хэд хэдэн агуйг багтаасан туурь буюу Дэмчигийн сүм гэж нэрлэгдсэн газар, Номтын бууцны зураг, Жимгэрийн хөшөө, Эмээлийн хөшөө, Эртний мазар хотын туурь, дарь эхийн жас, Хиригсүүр мөн эрдэнэ хайрханы нүүрст гэдэг газар археологийн ховор дурсгал болох эртний амьтны чулуужсан яс, мод байдаг. Түүхэн домогт газрууд нь Даваашагдарын уяа, Цагаан ботго, Бор ботго, Мазар, Бэлгих, Сайнтөгрөг, Хоолт, Борхойн тээг, Шаа хайрхан, Ахар, Угалз, Долоон толгойт, Дэрсэн хүнт шонхор, Хаяа нуур, Аман ус, Могой гэх мэт 20 гаруй түүхэн домогт газрууд байдаг.

Сумын газрын нэгдмэл сангийн агилал

¹

Ангилал

Талбайн хэмжээ

1

Хөдөө аж ахуйн газар

532746.0

2

Хот тосгон бусад суурины газар

905.5

3

Зам шугам сүлжээний газар

513.5

4

Ойн сан бүхий газар

12500

5

Усан сан бүхий газар

22

6

Тусгай хамгаалалттай газар

1

Нийт

546688.0


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%